Цэцэрлэг сум

ЦЭЦЭРЛЭГ СУМ

Үүсэл хөгжил

Цэцэрлэг сум нь 1691-1911 оны Манжийн ноёрхлын үед Халхын умард Замын баруун гарын умард хошуу гэгдэн нэрлэгдсэн. Богд хаант Монгол улсын үед буюу 1911-1921 оныг хүртэл Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, 1923-1931 онд Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу гэж нэрлэгдэн дороо Дашдэндэв, Дулаан, Норовлин, Рашаант, Цагаан, Цагаан толгой, Цэцэрлэг, Чандмант уулын сум гэж 8 суманд хуваагдаж байжээ.

Сүм хийд гэвэл Мэргэн гүний хошуунд 3-4 хүрээ, сүм дуган байжээ. Эдгээрээс хамгийн том хүрээ нь Дарав бандидын хүрээ юм. Дарав бандид хутагтын анхдугаар хувилгаан Лувсансодов Жамцын 1637-1702 оны үед Хануйн голын Ханан хад гэдэг газар анх дугантай үүсч олон газар анх дуган үүсч олон газар нүүдэллэж явсаар 1826 онд бүр мөсөн суурьшиж туйпуу дугануудтай тохилог сайхан хүрээ болсон түүхтэй юм билээ. Үүнээс гадна Хялгантын хүрээ 1849 онд, Далхын дуган 1870 онд, Отогийн дуган 1915 онд байгуулагдсан. Зая гэгээн Лувсанпринлий гэгээний мэндэлсэн газрын ойролцоо “Дүвхан” нэртэй хийд, 9 том цац хэлбэртэй суварга, түүнийг тойруулан 108 жижиг суварга бослогын үед галдан шатааж устгасанаас одоо зөвхөн суурь нь үлджээ.

Сумын бүтэц, засаг захиргаа

            Цэцэрлэг сум нь Монгол аймаг, Хүннүгийн үеийн уугуул нутаг бөгөөд 1926 онд БНМАУ-ын захиргааны дүрэм ёсоор хуучин мэргэн гүний хошуу Зая бандид гэгээний шавь нутгийн ард иргэдээс бүрдэл болж Цэцэрлэг-Мандал аймгийн харъяанд байгуулагджээ.

Цэцэрлэг сум нь 1931 оны 2 дугаар сард Улсын Бага Хурлын  тэргүүлэгчид, засгийн газрын тогтоол гарч аймаг сумдын хилийг шинэчлэн тогтоохоор заасны дагуу Цэцэрлэг-Мандал аймгийн Рашаант уулын хошуу нь Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Жаргалант, Цэцэрлэг гэсэн 3 сум болон байгуулагджээ. Ингэхдээ Цэцэрлэг сумын төв нь эсгий гэртэй Агьт, Халзан худагт зэрэг газраар нүүдэллэж байсан 1933 онд одоогийн байгаа Их хужиртад суурьшин төвлөрчээ. Их хужирт нь Улаанбаатар хотоос     552 км Архангай аймгийн замаар 683 км, аймгийн төвөөсөө 215 км оршино. Цэцэрлэг сум нь өмнө ба баруун талаараа өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант сумдуудтай, хойт талаараа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Рашаант, зүүн талаараа Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Тум сум нь хойт талаасаа урд тал хүртэл 130 км, баруун талаасаа зүүн зах хүртэл 60 км өргөн газар нутагтай.

Цэцэрлэг сумын орон нутаг дахь төр захиргааны байгууллага нь Ардын Засгийн эхний жилүүдэд 9-11 багтай, 1950 оноос сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа 5 бригадтай, 1992 оноос сумын засаг даргын тамгын газар 5 багтай, 1997 оноос Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар 5 багтайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Чөлөөт амьдрал” нэгдэл 1956 онд үүссэн бөгөөд 1960 онд бусад нэгдлүүдтэй нийлсний дараа 2,5 мян.ам км нутагтай, 992 гишүүн, нийгмийн өмчийн 59,2 мянган малтай, 1,7 сая төгрөгийн мөнгөн орлого, 2,9 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байжээ. Сумын ард иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд, соёл боловсрол, дэд бүтэц, нийгмийн халамж, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх шаталсан ажиллагаа явуулж ирснийг дараах сулалгааны хүснэгтээс харж болно.

Суманд анх үүсч хөгжсөн албан байгууллагуудын судалгаа

 

Д/д

Одоогийн байгаа байгууллагын нэрс

Анх байгуулагдсан он, сар, өдөр

Ямар нэртэйгээр байгуулагдсан

Анхны орон тоо

Үйл ажиллагаа явуулах үндсэн  чиглэл

Анхны байгууламж нь юу байсан

Анхны дарга

1

Цэцэрлэг сум

1926.0608

сумын

 

2

Төр засгийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх

Гэр

С.Лхам

2

Х.Б.Анги

1937.04.27

Хоршооны ерөнхий хороо

6

Хөдөлмөрчдөд худалдаагаар үйлчлэх

Шавар пүг-1 гэр-1

Г.Гаанжуур

3

Хүн эмнэлэг

1930.07.01

Сувилагчийн салбар

1

Эмнэлгээр үйлчлэх

Гэр- 1

Ж.Баасан

4

Холбооны салбар

1954.07.06

Холбооны салбар

1

Холбоогоор үйлчлэх

Гэртээ

Дашцэрэн

5

Ой хамгаалагч

1938.06.08

Ойн цагдаа

1

Ойг хамгаалах

Барилгагүй

Лувсан

6

Сүү тосны завод

1946.05.01

Завод

4

Сүү авч цөцгийн тос хийх

Гэр

Цэлхээжав

7

Цаг уурын харуул

1960.04.23

Цаг уурын харуул

1

Цаг уур ургамал хянах

6х5 хайс

Цэрэндаш

8

Чөлөөт амьдрал нэгдэл

1956.03.18

Чөлөөт амьдрал нэгдэл

5

ХАА-г бэхжүүлэх

Контор-1 склад-1

Ш.Лочин

9

Сумын клуб

1943.04.25

Улаан булан

1

Соёл урлагаар үйлчлэх

Шавар байшин-1

Т.Бямбажав

10

Банкны тооцооны касс

1964.10.11

Тооцооны касс

2

Мөнгөн гүйлгээ

ХБА-ын контор

Г.Бумсан

11

8 жилийн дунд сургууль

1938.09.01

Бүлгэм

1

Бичигт сургах

Гэр

Данаа

12

Туулант бага сургууль

1947.10.01

Бага сургууль

2

Бичигт сургах

Гэр

Ламжав

13

Эвлэлийн хороо

1932.03.24

Эвлэлийн үүр

1

Урлаг соёл, хүмүүжил

Гэр

Бямбажав

 

 

  

Цэцэрлэг сумын хүн ам, малын тооллогын бүдүүвч

Тооллого явуулсан онууд

Нийт өрх

эрэгтэй

эмэгтэй

Хүн ам

Нийт мал сүрэг

1

1918

788

1781

1356

3137

67500

2

1933

618

-

-

2100

50900

3

2003

1170

-

-

4497

122301

4

2008

1050

-

-

3955

234387

 

Сумын эдийн засгийн гол суурь нь мал аж ахуй гэж үзэж болно. Уг суманд ХАА-н салбарт идэвхи зүтгэл гаргаж бусдаас шалгарсан нэртэй малчид олон төрсөн. Тус сум нь 2008 оны байдлаар нийт мал 234387 толгойд хүрч үүнээс адуу 9319, үхэр 9585, хонь 133513, ямаа 81970 болсон байна. Малаас ашиглаж байсан ашиг шимийг олон жилийн дундажаар бодож үзэхэд жилд дундажаар хонины ноос 61,2 тн, ямааны ноолуур 5,4 тн, бодын хөөвөр 6,2 тн, бодын хялгас 3,6 тн, ямааны хялгас 3,5 тн, адууны шир 1000, үхрийн шир 1500, хонины арьс 7000, ямааны арьс 2000 ширхэг амьдын жингээр 450-500 тн мах зах зээлд тус тус борлуулах боломжтой нь харагдаж байна.

 Сумын төвд дотуур байртай 10 жилийн дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг, мал эмнэлэг, үржлийн алба, орбитын нэвтрүүлэг, үндэсний хэмжээний 4 суваг хүлээн авах станц, ХАА банкны салбар 1994 онд ашиглалтанд орсон. 25 ор бүхий хүн эмнэлгийн их эмчийн салбартай, эмийн аптек зэрэг төсвийн байгууллагуудаас гадна хувийн мал эмнэлэгт 4 жилд 210 тн гурил үйлдвэрлэх жижиг үйлдвэр, 12 тн талх, нарийн боов хийх үйлдвэр, 4500 ширхэг банз зүсэх хөрөө рам ажиллаж байна. Эрчим хүчний хувьд 10 квт хүчин чадалтай өндөр хүчдлийн шугамаар төвийн эрчим хүчний системтэй холбогдсон.

Сумын 10 жилийн сургууль

            Сумын сургууль 1938 онд 20 гаруй сурагч, 2 гэртэй тэнхим нэртэй хичээлээ эхэлж эрхлэгч багшаар Хуйлаагийн Данаа гэгч хүн ажиллаж байжээ. 1940 онд бага сургууль болон өргөжин 54 сурагчтай хичээллэж 1944 онд анхны төгсөлтөө хийсэн. Анхны төгсөгчдийн дотроос төр нийгмийн зүтгэлтэн, анагаахын гавьяат ажилтан гэгээрлийн тэргүүний ажилтан, төр улсын ахмад ажилтан, статистикийн тэргүүний ажилтан нарын зэрэг алдар цуутнууд төрөн гарчээ.

Тус сургууль 1966 онд 7 жилийн сургууль, 1968 онд 8 жилийн сургууль, 1992 онд 10 жилийн сургууль болон өргөжлөө. Энэ хугацаанд 2000 гаруй хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлсэн байна. Одоо 34 багш 11 ажилчинтай 659 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн материаллаг бааз улам бэхжиж 320 хүүхдийн хичээлийн суудалтай хичээлийн 2 байр, 80 хүүхдийн ортой дотуур байр, талх нарийн боовны цех, болон халуун усны газар хувилагч машин, халаалтын зуух, гүний худаг зэрэг иж бүрэн цогцолбортой болж өргөжиж байна. Туулант багийн бага сургууль 1947 онд байгуулагдсан. Өнөөдөр 4 ангитай, 4 багштай, 100 гаруй сурагчтай.

 

Сумын хүн эмнэлэг

Цэцэрлэг сумын хүн эмнэлэг нь анх 1930 онд Ж.Баасан эмчтэй 1 галчтайгаар гэрт байгуулагдсан. 1971 онд тус эмнэлэг нь хүний их эмчийн салбар болон өргөжиж 1 их эмч, 2 сувилагч, асрагч, галч, уагаагч гэсэн орон тоотойгоор ажилласан. 1971-1985 он хүртэл салбарын эрхлэгч эмчээр Зорилт, Дорж, Энхтуяа эмч ажиллаж, 1985-1990 онд эрхлэгч эмчээр А.Ширмээ, 1990-1991 онд Я.Ганбаяр, 1991-1998 онд А.Алтангэрэл, 1998-1999 онд Х.Цогзолмаа нар тус тус ажиллаж, 2000 оноос одоог хүртэл эрхлэгч эмчээр Л.Оюунчимэг ажиллаж байна. Одоо тус эмнэлэг нь 12 ортой, их эмч 3, дүн бүртгэгч бага эмч, эх барих бага эмч, багийн эмч 4, сувилагч 5, асрагч 4, тогооч, нярав, жолооч, галч гэсэн бүгд 24 орон тоотой ажиллаж байна.

Сумын хүүхдийн цэцэрлэг

            Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн харьяанд анх 1965 оны 10 сард 2 бүлэгтэй, 3-7 насны 30 хүүхэдтэй цэцэрлэг байгуулагдсан. Анхны хүмүүжүүлэгч эрхлэгч нь Бадам багш байлаа. Хүүхдийн цэцэрлэг 1971 оноос улсын төсвөөр 50 хүүхдийн ортой ажиллаж эхэлсэн. 2001 онд нам даралтын уурын зуухтай болж эрүүл ахуйн шаардлага хангасан цэцэрлэгт 50 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн 10 гаруй жил цэцэрлэгийн эрхлэгчээр Ч.Эрдэнэчимэг тасралтгүй ажиллаж байгаа.

Газар зүй, байгалийн баялаг

            Тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, хужир уст булаг шанд, шимт өвс ургамал, ой мод, уул нуруу хосолсон нутаг усандаа хүн ард, мал амьтан, ан гөрөө нь үеэс үед идээшин дассан үзэсгэлэнт сайхан байгальтай билээ. Ойт хээр уулын бүсэд багтдаг далайн түвшнээс дээш 1600м өндөрт байрладаг. Нутгийн хойт талаараа улаан хад, Утган согоот, Сайт Халзан, Цуврай, Зулай, Бүрэн хөндлөн, Сарт, Харгана, Товцог, Манхан, Цэцэрлэг, Овгор, Дуут зэрэг өндөр уул нуруу, ой хөвчтэй, Алаг өвс, ботууль, жижиг үетэн, хиаг, хялгана зонхилсон мал сүргийн идээшлүүртэй олон төрлийн амтлаг ургамал бүхий бэлчээртэй, Зуслан, Тарах, Хонгоржийн тал нутагтай. Идэр Чулуут, Хатуй, Зуслан, Хажраг, Туулант, Их Хужирт, Асгат, Тал булаг, Бургаст, Бух, Номт, Ялаат зэрэг 41 том жижиг гол булаг, шандтай. Дөрөө, Хунт, Цайдам зэрэг нуурууд нь хужиртай учир малын эрдэс тэжээлийн нөөцтэй.

Цэцэрлэг сумын байгалын тогтоц нь Мухар хужирт, Хануй, Шар шувуут, Цагаан толгой зэрэг рашаантай. Эдгээр рашаанд орж, ууж амрах олон зуун хүний цуваа зуны улиралд үл тасарна. Ходоод элэг зөс, дотоод эрхтнийг анагаах увидастай. Сумын нутаг геологийн ашигт малтмал талаасаа их судлаагүй ч гэсэн өвөг дээдсээс уламжилж илрүүлсэн гантиг, шохойн чулуу, дошин чулуу, цагаан шороо, зос зэрэг үйлдвэрлэл шууд явуулах боломжтой эрдэс баялаг их.

 Нутгийн 20 гаруй хувийг эзлэх ой хөвч нь шинэс улиас, бургас, хайлаас, тоорой зэрэг зүйл ангитай. Уул нуруу, ой хөвч, хээр тал буга согоо, гахай, чоно, үнэг, хярс, бор гөрөөс, шилүүс, хүдэр, мануул, дорго, нохой зээх, тарвага, зурам, чандага, туулай, хэрэм зэрэг ан амьтан хун, галуу, нугас, тогоруу, тоодог, элээ, бүргэд, тас, ятуу, сойр зэрэг төрөл бүрийн жигүүртэн, тул, зэвэг, хилим, цурхай гэх мэт загас тун элбэг билээ. Цэцэрлэг сум ширэгт тайгын мөнх цэвдэг, хар болон хүрэн хөрстэй, их газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөл 1 дүгээр сарын дундаж хэм -220С- -240С, зун 7 дугаар сард +140С-+160С хэм дулаан, жилд дундажаар 280-400мм тунадас унадаг.

Бух хайрхан: Түүний тэргүүн Хотгойдын нутагруу буюу хойд зүгрүү харж хэвтсэн бух шиг дүрстэй байгалийн өвөрмөц тогтоц юм. Энэ нутгийнхан “Бух” хайрханаа хойшоо харж хэвтсэн учир Хөвсгөл нутгийн үхэр сүрэг ихээхэн өсдөг хэмээн холбон ярих, бишрэх нь бий. Цэцэрлэг сумын Хужирт багийн нутагт нэгэн өвөрмөц агуу байх. Түүнийг Өргөөтийн агуу гэнэ. Агуйд 70 гаруй бог орох багтаамжтай гэж ярьдаг. Өргөөтийн агуун дотор талын ханан дээр эрт дээр үеийн сүг зураг олон байдаг. Түүхийн ховор дурсгалын нэг Туулант багийн нутаг Бэлчирт хэмээх газар байдаг. Энэхүү хүн чулуун хөшөө нь Туулант багийн төвөөс 25 км зайд оршдог бөгөөд судалж, бүртгэж, хамгаалах шаардлагатай ховор бүтээлийн нэг яах аргагүй мөн билээ. Эргэн тойрон уул толгодод хүрээлэгдсэн өргөн уудам тал хангай нутагт баймааргүй сонин тогтоц Цэцэрлэг сумын зүүн урд талыг эзэлдэг.Энэ талыг Хонгоржийн тал гэнэ.

Хар тогоо толгой: Энэ цаг үеэс гадаад дотоодын эрдэмтэдийн сонорт хүрч галт уул, газар хөдлөлтийн холбогдолтой анхаарал татсан үзэгдэл болох нь тодорхой болж байгаа юм. Хонгоржийн талын хойд хойморт орой, араараа модтой сүрлэг сайхан уул байх бөгөөд түүнийг өвгөн Хонгорж гэж нэрлэнэ.Оройд нь байх овоог өвөг дээдэс эрт дээр үеэс дахин шүтсээр иржээ.

ВАЛЮТЫН ХАНШ

ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЭЛ

Бүгдийг бус чухлыг
Архангай аймгийн НХҮХэлтэс.

Та залга бид хариулъя.

utas ok
Архангай аймгийн НХҮХэлтэс.

FireFox татаж авах

Та манай сайтыг Mozilla гаас үзвэл илүү тохиромжтой бөгөөд аюулгүй учир та доорх зураг дээр дараад татаад аваарай.


Цаг агаар